Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт баригдаж буй 2200 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын ажлын явц яагаад удаашраад байгаа, ашиглалтад хэзээ орох зэрэг асуудлаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд болон захиалагч тал, хяналтын байгууллага, аймаг орон нутгийн холбогдох удирдлагуудаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар тайлбар мэдээлэл сонслоо.
Гүйцэтгэгч компанийн хувьд энэ жилийн ажлаа эхлүүлээд 40 гаруй хоногт гадна фасадны шил, гадна, дотно металь хаалгууд болон А заалны хаалтын ажлуудаа хийсэн. А,Б блокийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
Ойрын хугацаанд сандал, гэрэл зэрэг гаднаас захиалсан тоног төхөөрөмжөө татан авна. Энэ 7 хоногт дотор засал чимэглэлийн ажлаа хийхээр төлөвлөсөн. Сүүлийн үеийн барилгуудад тоног төхөөрөмж дэлгэц зэргийг заавал шаарддаг болсон. Үүнийг барилгын ажлын гүйцэтгэлтэй хамтад нь шийдэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж компанийн захирал тайлбарлалаа.
Харин захиалагчийн зүгээс барилгын ажлын явцад байнга хяналт тавьж байгаа. Нэмэлт ажлын даалгавар өгсөн. Ажил удааширч байгаа нь компанийн санхүүгийн чадамжгүй байдал болон хүн хүчний хүрэлцээ муу байгаатай шууд холбоотой гэж тайлбарлалаа. Гүйцэтгэгч компани одоогоор 10 хүрэхгүй хүнтэй ажиллаж байгаа. Ийм хүн хүчээр ирэх 7-р сар гэхэд үндсэн барилгаа ашиглалтад хүлээлгэж өгөх боломж харагдахгүй байна гэлээ.
Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч 2013 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан. 2017 онд төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "Царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ахин хөдөлж эхэлсэн. Одоо цогцолборын төсөв 27 тэр бум төгрөг болоод байгаа юм.
2022 онд барилгын ажлыг эрчимжүүлэхээр байгуулсан ажлын хэсгээс ажлын явцад саад болж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, гүйцэтгэгч “Нэмбар” компанид удаа дараа шаардлага тавин ажилласны үр дүнд Спорт цогцолборын нээлтийг хэзээ хийхийг энэ оны 7-р сарын 1-нд зарлахаар боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.